МСМ Групп нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр, салбартаа тогтвортой өсөлт, үр дүнтэй үйл ажиллагаагаараа үнэлэгдэн, 2024 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр нэрлэгдлээ. Энэ нэр хүндтэй шалгаруулалт нь МСМ Группийн үнэт зүйлс, урт хугацааны стратеги, нийгмийн хариуцлагыг эрхэмлэн ажиллаж буйн илэрхийлэл болж байна.
Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас жил бүр хамтран гаргадаг энэхүү жагсаалт нь тэргүүлэгч компаниудыг тухайн жилийн орлого, улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ажилтны тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ зэрэг үндсэн таван шалгуураар үнэлдэг. Мөн байгууллагын улс орны нийгэм, эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөө, тогтвортой хөгжилд чиглэсэн үйл ажиллагааг харгалзан онцолдог юм.
2024 оны энэхүү амжилт бол МСМ Группийн хамт олон, багийн бүх гишүүдийн чин сэтгэл, мэргэжлийн ур чадвар, тууштай зүтгэлийн үр дүн юм. МСМ Групп нь автомашин, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, хэрэглээний бараа, үйлчилгээ зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өндөр чанар, инновац, хэрэглэгч төвтэй үйлчилгээг эрхэмлэн, түншүүд, харилцагчид, нийгэмд бодит үнэ цэнэ хүргэхийг зорин ажилласаар байна.
Цаашид ч МСМ Групп нь бизнесийн шилдэг туршлагыг түгээн, үндэсний хөгжилд хувь нэмрээ оруулах өндөр зорилго, хариуцлагатай хандлагынхаа хүрээнд үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллаж байна.
